21-р зуунд бусад эдийн засгийн салбаруудын адилаар уул уурхайн салбарт ч уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг старт-ап компаниуд олноор бий болсоор байна. 2018 оны эхний байдлаар дэлхий даяар энэ салбарт ойролцоогоор 200 гаруй старт-ап компани үйл ажиллагаагаа явуулж байна.
Старт-Ап компани гэж юу вэ?
Оксфордын толь бичигт старт-апыг “шинээр байгуулагдсан бизнес” гэж тодорхойлжээ. Форбес сэтгүүлд гарсан нийтлэлд Натали Робемед хэлэхдээ старт-апын гол шинж бол түүний өсөн дэвжих чадвар юм гэжээ. Мөн старт-ап компани гэхээр хүмүүс ихэвчлэн зөвхөн технологийн компани гэж ойлгодог байсан бол энэ нь зөвхөн технологийн чиглэлийн компаниудыг хэлдэггүй гэж тэрээр хэлсэн юм.
Уул уурхайн салбарт ч тэр бусад салбарт ч мөн адил старт-ап компаниуд алдартай байдаг. Старт-ап компаниудаас олон бүтээлч санаа бий болж тэдгээр нь том компаниуддаа хөшүүрэг болдог ба хөрөнгө оруулагчид ч старт-апд хөрөнгө оруулахын үнэ цэнийг мэддэг боловч бусад салбаруудтай харьцуулахад уул уурхайн салбар энэ тал дээр хоцрогдож байна. Тиймээс эдгээр старт-ап компаниудаар дамжуулан салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи инновацийг нэвтрүүлэх бүрэн боломж байна.
Старт-ап компаниуд салбарыг өргөжүүлэх бүхий л уул уурхайн үйл ажиллагаанд чиглэсэн гайхалтай үйлчилгээ, шийдэл, бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Уул уурхайн томоохон компаниуд бүгдийг өөрсдөө зохион бүтээхээс илүү старт-ап компаниудын инновацид тулгуурлах нь зүйтэй юм. Ингэснээр уул уурхайн үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрүүлэх гол үзүүлэлт болох тогтвортой уул уурхайд хөтлөх үйл явцаа хурдасгах боломжтой болох юм.
Хүснэгт 1-ээс хөрөнгө оруулагчид аажим аажимаар хөрөнгөө шинэ старт-ап компани бий болгоход зориулах болсныг харж болно. Старт-ап компаниудын тоо өсч байгаа нь салбарын өнөөгийн болон ирээдүйд сайны тэмдэг бөгөөд хөрөнгө оруулагчид уул уурхайн старт-ап компаниудад хөрөнгө оруулахын үнэ цэнийг хэдийн мэддэг болжээ.
Уул уурхайн старт-ап компаниудын үйл ажиллагааны голлох чиглэлүүд:
Старт-ап компани эзэмшигчид уул уурхайн салбарыг сайжруулах голлох зургаан чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Эдгээр нь технологи, дэд бүтэц, байгаль орчин, санхүү, хүний нөөц мөн үйл ажиллагаа. Чиглэл бүр нь мөн дотроо хэд хэд хуваагдана.
Технологит суурилсан старт-апууд уул уурхайн томоохон компаниудаа дараах үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээр хангах боломжтой байдаг.
- Машин техникийн утасгүй мэдрэгчтэй сүлжээнээс авахуулаад машины мэдээлэл цуглуулагч
- Үүлэн сүлжээ
- Машины өөрөө удирдах үүлэн платформ
- Дрон
- Сүлжээнд суурилсан хайгуулын мэдээлэл удирдах систем
- Уурхайн талбайн автоматжуулалт
- Сүүлийн үеийн геотехникийн тоон загварчлал
Хүснэгт 2-т технологит суурилсан старт-ап компаниудын уул уурхайн салбарт санал болгож буй үйлчилгээг харуулав.
Харин Хүснэгт 3-т бусад чиглэлийн старт-апуудын үйлчилгээг харуулав. Үйлчилгээнүүдээс нь дурьдвал:
- Алсын удирдлагатай усан систем
- Хаягдлын менежмент
- Уул уурхайн компаниудад зориулсан онлайн сургалт
- Уурхайн үйлдвэрт ухаалаг дэд бүтцийн шийдэл
- Ашигт малтмал баяжуулах үйлдвэрт үйл ажиллагааг удирдах дэвшилтэт систем
- Уурхайд ээлж төлөвлөлтийн маш энгийн шийдэл
- Үр өгөөжтэй, нарийн, аюулгүй геологийн зураглал
Үйлчилгээ, бүтээгдэхүүн, шийдлүүд
Уул уурхайн ихэнхи старт-ап компаниуд технологит суурилан үнэ цэнийг бий болгох зорилготойгоор байгуулагддаг ба тэдгээрийн 37 хувь нь уул уурхайн салбарын технологийн хөгжилд анхаарч ажилладаг болохыг Хүснэгт 4-өөс харж болно. Мөн цаашилбал, 10% нь тогтвортой уул уурхайг дэмжиж байгаль орчны чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа бол 8% нь хүний нөөцийн чиглэлээр буюу уурхайчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, боловсрол, сургалт, ажилд орох зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Дараах хүснэгтээс уул уурхайн старт-апууд дэлхийн өнцөг булан бүрт тархсан байгааг харж болох ба дэлхийн уул уурхайн хамгийн том төв болсон Австрали, Америк зэрэг улсууд старт-апуудын тоогоороо тэргүүлж байна. Мөн цаашид ч эдгээр орнуудад старт-апын зах зээл тэлэх бүрэн боломжтой.
Хүснэгт 6-д хамгийн их старт-ап компаниудыг төвлөрүүлсэн 10 хотыг харуулав. Хамгийн сонирхолтой нь старт-ап компаниудын хамгийн том хот нь Чили улсын Сантияаго хот байгаа бол дараах дөрвөн том хотоор Брисбане, Перт, Мелбурн, Сидней зэрэг Австралийн хотууд шалгарсан байна. Австралийн Нью Соут Вейлс болон Викториа зэрэг хотуудад хэд хэдэн уурхай байдаг хэдий ч Мелбурн, Сидней хотууд уул уурхайн бизнесийн төв нь болсон байдаг учир тэнд ихэнхи старт-ап компаниуд бууриа засдаг байна.
Дүгнэж хэлэхэд эдгээр шинээр бий болж буй старт-ап компаниуд уул уурхайн салбарын үйл ажиллагааг сайжруулж олон дэвшилтийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү тэдгээрийн санал болгож буй шинэ үр өгөөжтэй үйлчилгээ,оновчтой бүтээгдэхүүн, бүтээлч шийдлийг бизнестээ нэвтрүүлэх нь чухал юм. Томоохон компаниуд болон старт-ап компаниуд хамтарч ажиллах нь дэлхийн уул уурхайн салбарын урт хугацааны хөгжилд нэн чухал билээ.
Эх сурвалж: www.ausimmbulletin.com
Орчуулсан: Б.Энхзул