“Оюу толгой” компани 2023 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа.
2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллаж байна.
Гүний уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 14 хүдэр булгуурыг дөрөвдүгээр улиралд тэсэлжээ. Улмаар Панел 0 олборлолтын түвшингийн нийт хүдэр буулгуурын тоо 86 болсон байна. Ингэснээр 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллаж байгааг "Оюу Толгой" ХХК онцоллоо.
Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба 2023 оны дөрөвдүгээр улирлын эцэст 88 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү туузан дамжуургыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн, 2024 оны дөрөвдүгээр улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулж дуусгах төлөвтэй байна.
Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг ахиулж, 12 дугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 923 болон 1,013 метрт хүргэжээ.
Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,130 болон 1,176 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрх хоёр босоо амыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвтэй байна.
Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгахад ойртож байна.
Эх сурвалж: mining.mn