Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийг нээлээ

Бэрхийн далд уурхайг түшиглэн байгуулсан “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн нээлт өнөөдөр боллоо. Тус төвийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Г.Ёндон, Ашигт малтмал, газрын тосны газар, Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон уул уурхай, орон нутгийн  төлөөлөл оролцлоо. Бэрхийн уурхай нь 70 жилийн түүхтэй. 

"Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” нь уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн жишиг болох хаагдсан уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулж, уурхай дагасан хот тосгоны иргэдэд ажлын байр бий болгох, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, Монгол Улсын эдийн засагт томоохон ач холбогдол бүхий уул уурхайн салбарын талаарх ойлголт, уурхайчны мэргэжил, өв соёлыг хадгалах, залуу үед өвлүүлэх, энэ чиглэлийн мэргэжлийн оюутан, судлаачдад сургалт судалгааны бааз болох, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох зэрэг өндөр ач холбогдолтойг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан онцолсон юм. 

berkh_mine_89

Далд уурхайн музейд уурхайн тээврийн түүхийг өгүүлэх хэсэг, уурхайчдын амрах байр, сургалтын танхим, Монголын үйлдвэрлэлийн түүх болон уул уурхайн үүсэл хөгжлийн танхим, Бэрхийн уурхайн түүхийн танхим, “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэрэмжит танхим, “Монголросцветмет” ТӨҮГ-ын түүхийн танхим, “Оюутолгой”-н уурхай түүхийн танхим, Уурхайчин цайны газар, Уулзалтын өрөө, Хүлээн авалтын танхим, VR тоглоомын өрөө, Айдсын өрөө, Усан хүрхрээ зэргийг 45 метрийн гүнд цогцлоожээ. Энэхүү төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг 2020 онд батлуулж, барилга, бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлсэн түүхтэй. 

berk_mine

Эргэн сануулахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд /хуучин нэрээр/-ын 2018 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/221 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн хаалтын үйл ажиллагаатай холбогдуулан тус уурхайг музейн зориулалтаар ашиглах талаар судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар Бэрхийн уурхайн “Уулын цех”-ийн хэсгийг түшиглэн Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв байгуулан ажиллуулах боломжтой талаар дүгнэлт гаргаж, үүний дагуу төслийн багийнхан 2019 онд БНСУ, ХБНГУ-д туршлага судалж, төслийн хүрээнд цогц судалгааны томоохон ажлуудыг хийж, гүйцэтгэсэн билээ. 

эх сурвалж: mining.mn