Баян Хөндийн алтны төслийг нарны эрчим хүчээр хангана

Баянхонгор аймгийн нутагт хэрэгжиж буй Баян Хөндийн алтны төслийн эрчим хүчний 25%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төлөвлөгөө гаргажээ.

Тус төслийг хэрэгжүүлж буй “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани “М-Си-Эс Интернэшнл” компанитай эрчим хүч худалдан авах гэрээ байгуулж, нарны болон дизель цахилгаан станц байгуулахаар болсон аж. Түүний хүрээнд төслийн нийт эрчим хүчний хэрэглээний 25 хувийг нарны буюу сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөж байна.

Баян Хөндийн орд 2025 оны хоёрдугаар улирлаас алтны олборлолтыг анх эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

“Баян Хөндий нь дэлхийн алтны хамгийн өндөр агууламж бүхий, томоохон ил уурхайнуудын нэг бөгөөд үйлдвэрлэлийн оргил үедээ Монгол Улсын хамгийн том алт олборлогч болно" хэмээн Монгол, Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент"-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли онцолжээ. Тус орд нь 513,000 унци алтны нөөцтэй бөгөөд оргил үедээ жилд дунджаар 87,000 унци алт олборлох боломжтой гэнэ.

 

Эх сурвалж: CNBC Mongolia